Logoburger menu

Ясны сийрэгжилт гэж юу вэ?

Яс нь бидний бие махбодын бодисын солилцооны тэнцвэрт байдлыг хадгалахад идэвхтэй оролцох, эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй юм. Хүний бие нь ойролцоогоор 206 орчим яснаас бүрдэх ба эдгээр яс нь бидний бие махбодод олон чухал үүргийг гүйцэтгэнэ. Яс нь хүний биеийн ерөнхий хэлбэр дүрсийг тодорхойлж хамгаалах, хөдөлгөөн, хөшүүрэг, тулгуур, цус төлжүүлэх, бодисын солилцооны гэх мэт олон үүргийг гүйцэтгэдэг. “Яс сийрэгжих-Остеопороз” нь ясны хэвийн бус бүтэц буюу эмгэг юм. Ясны эдийн нягтаршил багасч ясны бөх бат, уян хатан чанар алдагдан хэврэгшиж, амархан хугарамтгай болдог эмгэгийг яс сийрэгжих өвчин гэнэ. Ясны нягт, жин буурснаар энгийн хөдөлгөөн, унах, бэртэх, бараг найтаахын төдийд л амархан хугардаг.

Яс сийрэгжих (osteoporosis) нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст илэрдэг хэдий ч эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно. Өндөр хөгжилтэй оронд хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад 2 эмэгтэйн 1 нь, 4 эрэгтэйн нэг нь 50-аас дээш насандаа ясны сийрэгжилтэй байна. Ясны сийрэгжилд ихэвчлэн өртдөг яс нь бугуй, багана нуруу, түнхний үенд тохиолдох боловч мөн бусад яснууд ч өртдөг байна. Яс сийрэгжиснээр биеийн өндөр багасах, багана нурууны яс сийрэгжсэн бол гэмтэх бэртэх нь амархан болохоос гадна биеийн төрх байдлыг бөгтгөр болгодог. Ясны сийрэгжлээс үүдэлтэй биеийн бүтэц, үйл ажиллагаа хязгаарлагдахаас сэтгэлзүйн хувьд амархан гутрах шинж тэмдэг ч илэрдэг. АНУ-д хийгдсэн судалгаанаас харахад 1 жилд ясны сийрэгжлээс үүдэлтэй 2 сая ясны хугарлыг эмчлэхэд 19 тэрбум доллар зарцуулж, 2025 он гэхэд дунджаар 3 сая хугарлыг эмчлэхэд 25,3 тэрбум доллар зарцуулах тооцоо гарсан байна.

Ясны сийрэгжил нь хувь хүний онцлог шинжээс гадна, амьдралын буруу дадлаас ихэвчлэн үүдэлтэй байдаг. Яс сийрэгжихэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсээс дурьдвал

  • Нас: Нас ахих тусам ясны сийрэгжил идэвхжих
  • Хүйс: Ихэвчлэн эмэгтэйчүүд өртөх магадлалтай
  • Удмын түүх: гэр бүлийн түүхэнд хэн нэгэн яс сийрэгжилтэй байх, удамших хандлагатай
  • Үндэс, угсаа, арьс өнгө: ази, латин америкүүд өртөх магадлал өндөртэй
  • Биеийн жин: Биеийн жингийн дутагдал, жин багатай байх
  • Хоолны дэглэм: хоол хүнсээр кальци, Д витамин бага авах
  • Урьд өмнө ясны сийрэгжилтэй байсан эсэх
  • Сарын тэмдгийн алдагдал
  • Хөдөлгөөний идэвхгүй амьдралын хэв маяг
  • Тамхи татах
  • Алкохолын гаралтай таргалалт
  • Тогтмол уудаг эмийн онцлог

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Өөрийн буруу дадалтай холбоотой эрсдэлт хүчин зүйлсүүдээс татгалзахаас гадна тогтмол системтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нь яс сийрэгжих эмгэг процессыг бууруулж байгаа нь хэдийнээ нотлогдсон байна. Хувь хүнд тохирсон дасгалт хөтөлбөр нь ясны бат бөх чанарыг хангах кальци болон фосфорын солилцоонд нөлөөлснөөр ясны бат бөх чанарыг сайжруулна. Биеийн жинг хөл дээр авах дасгал, эсэргүүцэлтэй дасгал нь яс сийрэгжихээс урьдчилан сэргийлэх төдийгүй эмчлэхэд үр дүнтэй. Хөдөлгөөн засалч нь яс сийрэгжих өвчний үед танд тохирсон аюулгүй дасгалт хөтөлбөрийг боловсруулж өгснөөр ирээдүйд тулгарах ясны хугарал, бэртэл, бодисын солилцооны эмгэгээс урьдчилан сэргийлнэ.

ЭРҮҮЛ МЭНД ЭНЭ НАСНЫ ЖАРГАЛ